СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Ховд аймгийн Үенч сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Алтай хан аймгийн Захчин гүний хошуу. Цагаан түнгэ, Нарийн гол, Жаргалан, Улиаст, Хөх үзүүр гэсэн  5 багийн  нийт  1033 өрхөд 4506 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас эхний 2-т \Жаргалант сум орохгүйгээр\, газар нутгийн хэмжээгээр 3-т ордог.

Газар зүйн байршил

Үенч сум Монгол Алтайн нурууны өвөрт, өмнө талаараа БНХАУ, Баруун  талаараа Булган сум, хойд талаараа Мөнххайрхан, зүүн талаараа Мөст, Алтай сумдтай хиллэдэг. 

Байгаль, газарзүйн онцлог

Далайн түвшнээс дээш 1100-1684 м өргөгдсөн. Манай сум 747673 га нутаг дэвсгэртэй. Газар нутгийн 40 гаруй хувийг говь эзэлдэг ба 195,500 га газрыг улсын тусгай хамгаалалтанд оруулсан.

Ан амьтан: Буга, аргаль, янгир, хулан, хар сүүлтий, ирвэс, чоно, үнэг, шилүүс, суусар, тарвага, туулай, зурам, мануул, үен Тас, бүргэд, шар шувуу, ятуу, хойлог, дэлхийд ховордсон шонхор шувуу зэрэг жигүүртэнтэй.

Ургамал: Тоорой, хонхот харгана, улиас, бургас, яргай, шинэс зонхилсон, чацаргана, хар, ногоон тошлой, улаалзгана зэрэг жимсгэний модтой. Вансэмбэрүү, алтан гагнуур, чихэр өвс, халгай, хонь, ямаан зээргэнэ, тэхийн шээг, нохойн хошуу, таван салаа гэх мэтийн эмийн ургамалтай.

Түүх соёлын дурсгалт газар: Ямаан усны хадны сүг зураг, Харуул овоо, Баян салаан хүн чулуун хөшөө, Мэргэн, Хавтаг, Байтаг дах баатруудын хөшөөтэй

Байгалийн нөөц баялаг: Олонбулагийн нүүрсний ордууд, алт, мөнгө, зэс, гантиг, гялтгануур, давс, шохойн чулуу, боржин чулуу зэрэг ашигт малтмалын арвин нөөцтэй.

Цаг уурын нөхцөл:

Хуурайдуу халуун  зунтай, дулаавтар өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж  температур -28 °С 7 дугаар сарын дундаж температур +30 °С жилийн дундаж салхины хурд 3-6 м/с жилийн хур тундасны нийлбэр 100-120 мм.

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв.

Сумын төсвийн нийт орлого нь 355,9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 355,3 сая төгрөг, сумын өөрийн орлого 605,0 мянган төгрөгийн орлогоос бүрддэг.

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 355,9 сая төгрөг байна. Нийт зардлыг 100 хувь гэж үзвэл нь цалин 33%, нийгмийн даатгалын шимтгэл 21%,   46% -ийг  бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 44 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж жилдээ 134,5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 2,2 сая  төгрөгийн татвар төлдөг. Орон нутгийн орлогын төлөвлөгөө   247,5 сая,  үүнээс гүйцэтгэл нь 321,5 сая төгрөг  төвлөрүүлж,  129,9  хувиар биелсэн.  Үүнээс гадна төвлөрсөн төсөвт 3,7 сая төгрөг оруулахаас 4,4 сая төгрөгийн татвар оруулж  биелэлт нь 119,9 хувьтай байна.

Хөдөө аж ахуй :

Малын бүтэц

Сумын хэмжээнд 89543 толгой малтайгаас 942 тэмээ, 3331 адуу, 6210 үхэр, 31128 хонь, 47932 ямаа байна.

Газар тариалан

Сумын хэмжээнд нийт 19 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс  12 га-д нь , төмс, хүнсний ногоо,  7 га-д үр тариа,  бусад бүтээгдэхүүн тариалж байна.Усан  хангамж муутайгаас иргэд, аж ахуйн нэгжийн усалгаатай тариалан эрхлэх боломж хомсдсон.

Инженерийн дэд бүтэц

Зам тээвэр. Сумын газар нутаг дээгүүр БНХАУ –ын Тайкешкен боомт – Хөшөөтийн нүүрсний уурхайг холбосон 40,5 , улсын чанартай 45 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо   шороон замаар холбогдсон.

Цахилгаан хангамж. Сум нь импортын эрчим хүчний системд холбогдсон.

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 9 гүний худаг байгаагаас 4 нь эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа. Төвлөрсөн ус хангамжийн систем байхгүй . Ундны ус ,ногоон байгууламжийн зориулалтаар 10 –аас доошгүй гүний худаг гаргах зайлшгүй шаадлага байна.

Дулаан хангамж. Сумын төвд  төвлөрсөн уурын зуух байхгүй, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, хүүхдийн дотуур байр ,цэцэрлэг , ЗДТГ, Соёлын төв болон бусад хувийн хэвшлийн байгууллагууд бага, дунд оврын нам даралтын зуухаар халаалтаа шийддэг.

Тус сум нь Улаанбаатар хотоос алслагдмал байршилтай, амьжиргааны өртөг өндөр хүн амын дийлэнх олонх нь мал аж ахуйн үйлдвэрлэл  эрхэлдэг, өрхийн дундаж орлого  нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр улсын дунджаас харьцангуй доогуур үзүүлэлттэй байна.

Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 5 хувь нь хөгшид байна.

Боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 31 бүлэгт 863 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 46 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 93,0 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,0 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 42 багш буюу 97% тай хамрагдсан байна. Дотуур байранд 130 хүүхэд амьдарч байна.

Төрийн өмчийн “Янзагахан” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 145, 2012 онд  гэр цэцэрлэгт 124 хүүхэд   хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 62 хувьд хүрсэн.

Сургууль

Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль Хөх үзүүр багийн төвд байршилтай 430 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 863 хүүхэд суралцаж байна. 45 багш, 34 ажилчинтай.

1940 онд ашиглалтанд орсон,  чулуу түүхий тоосгон хийцтэй олон ашиглагдаж байгаа  2008 онд аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр ашиглах боломжгүйг тодорхойлсон. Дунд оврын нам даралтын зуухаар халаадаг.

Цэцэрлэг

“Янзагахан” цэцэрлэг Хөх үзүүр багийн төвд байршилтай 90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 145 хүүхэд хүмүүжиж байна. 25 багш, ажиллагсадтай 1989 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. 2012 онд  улсын төсвийн хөрөнгөөр их засвар хийгдсэн. Бага оврын нам даралтын уурын зуухаар халаадаг. Цэцэрлэгийн насны хүүхдийн хамран сургалт 67 хувьтай  байна. Ясли болон цэцэрлэгийн зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.

Эрүүл мэнд

Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 3  их эмч, 6 бага эмч, эх баригч эмч 1, асрагч 4, сувилагч 4, угаагч 1, тогооч 1, ня бо 1, жолооч 1, лаборант 1, галч 3, нийт 28 орон тоотойгоор ажиллаж байна.

2012  онд сумын нийт төрөлт 120, үүнээс   Улаанбаатар хотод 5, аймагт 53 , Булган сумын нэгдсэн эмнэлэгт   20, суманд 42  эх  ба 0-1 насны хүүхдийн эндэгдэл 4, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 316, халдварт өвчлөлийн    тохиолдол 27 гарсан үүнээс гахайн хавдар 10, шар өвчин 6 , салхин цэцэг 11 гарсан байна.

Эмнэлэг

Эрүүл мэндийн төв Хөх үзүүр багийн төвд байршилтай 10 ортой.

Их эмч 3, сувилагч 5, нийт 28 ажиллагсадтай 2004 онд ашиглалтанд орсон хөөсөн блокон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн шугамд холбогдоогүй, нам даралтын зуухаар халаалтаа шийддэг. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд стандартын шаардлага хангахгүй байгаа  ба одоо байгаа барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглах, нэмж амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёл, спорт

Соёлын төв нь  7 орон тоотой. Соёлын төвийн захирал, номын санч, хөгжмийн багш, бүжгийн багш, үйлчлэгч, 2 галчтай  үйл ажиллагаа явуулж байна. 1961 онд ашиглалтанд орсон 300 хүний суудалтай. Соёлын төвийн барилга нь түүхий тоосгон хийцтэй, ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарч 2013 онд шинээр барих барилгын төсөв улсын төсөвт суусан. Тус соёлын төв нь иргэд, хүүхдийн авьяасыг нь нээн илрүүлэх, биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилгоор олон төрлийн дугуйлан, сургалт зохион байгуулж тайлагнадаг.

Соёлын төвөөс МУСТА 8, УТАА 10 төрөн гарсан. Тус сум нь Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 20 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 6 цэг, үсчин гоо сайхан 1, гутал засварын 1, оёдолын 1, үйл ажиллагаа эрхэлж байна.

Соёлын төв

Соёлын төв Хөх үзүүр багийн төвд  байршилтай 300 хүний суудалтай 7 ажиллагсадтай. 1961 онд ашиглалтанд орсон  түүхий тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Хот байгуулалт, газрын харилцаа

Үенч сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм. Сумын эдийн засгийн хөгжлийн цогцолбор төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвийн болон Мерси Кор ОУБ-ын санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн жилүүдэд  100 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс  14  га, үйлдвэрлэлийн бүс 10  га, ногоон байгууламж 100 га, хөдөө аж ахуйн бүс  300 га

Өнөөгийн байдлаар 380 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 154,18 га газар өмчилж, 640 иргэн, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 130 га газар, 33 аж ахуйн нэгж  худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байна. 2013 онд сум хөтөлбөрийн хүрээнд  50 га газрыг ногоон байгууламж шинээр бий болгох зорилт тавин ажиллаж байна.

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь 2012-2016 онд “Монгол улсын тэргүүний сум болох” томоохон зорилго тавин ажиллаж байна. Дараах зорилтуудыг дэвшүүлж байна:

Эдийн   засгийн  бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх

Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах

Нийгмийн дэд бүтэц,  Орон сууцны   хангамжийн  хувийг дээшлүүлэх

Ногоон  байгууламж бүхий хотыг шинээр төлөвлөх

Үенч сум нь газарзүйн хувьд хилийн худалдаа хийхэд таатай нөхцөлтэй, уур амьсгал дулаан учир газар тариалан, эрчимжсэн  мал аж ахуй хөгжүүлэх,  дэлхийд нэн ховор түүхийн  өв, дурсгалт газруудаа түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой. Мөн ашигт малтмалын  баялаг нөөцтэй.