ИТХ-ЫН ДАРГА ШААРАВ ОВОГТОЙ ОТГОНБАЯР

МЭНДЧИЛГЭЭ

                Улс, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байгаа Үенч нутгийнхөдөлмөрч ард түмнийхээ амар амгаланг айлтган мэндчилж байна. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газар хамтран сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч, иргэдээ ажилтай орлоготой, эрүүл чийрэг,  эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй, аюулгүй аж төрөн амьдрах нөхцөл боломжийг хангахад чиглэсэн бодлого баримтлан, аливаа үйл ажиллагаандаа иргэдийнхээ санал хүсэлтийг тусган хэрэгжүүлж, Монгол Улсын “ТЭРГҮҮНИЙ СУМ” болох томоохон зорилгыг тавин ажиллаж байна.
                Монгол Улсын болоод дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа нутгийн уугуул, суугуул нийт иргэддээ Үенч сумын ард иргэдийн нэрийн өмнөөс ажлын өндөр их амжилт, эрүүл энх, хамгийн  сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Нутгийн нийт ард түмэн минь амар амгалангийн дээдийг эдэлж, баян тансаг амьдрах өнөөдрийн цаг дор эв эеэ нэгтгэн, эрч хүчээ зангидан, сайн үйлс бүтээх зам мөр нь дандаа цагаан, золбоо хийморь нь үргэлж дээшээ байх болтугай.


ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА

                1992 оноос өмнө аймаг сум нь Ардын хуралтай байсан бөгөөд нийтдээ 16 удаагийн сонгууль явагдаж түүгээрээ аймаг сумынхаа Ардын Хурлын Депутатыг сонгож хурлын үйл ажиллагааг явуулж байв. Үүнийгээ Ардын Депутатын Хурал гэж нэрлэж ирсэн. 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж тус оноос улс даяар төрийн шинэ тогтолцоонд орсон. Үүгээр аймаг сум нь Иргэдийн төлөөллийн байгууллага буюу орон нутгийн дээд байгууллага болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай, төрийн үүргийг гүйцэтгэх засаг дарга, түүний тамгын газартай байхаар тогтоосон билээ. Үүний дагуу Үенч сумын ИТХ нь 1992 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна.

              Үенч сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын "Нутгийн Удирдлагын Холбоо"-ны гишүүн байгууллага бөгөөд үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог. Хурлын үйл ажиллагааг төлөвшүүлэн сайжруулахад Монгол Улсын хууль тогтоомж, онол аргазүй, бусад аймаг сумдын нутгийн өөрөө удирдах байгууллагын шилдэг туршлага, ажлын арга барилаас судлан өөрийн сумын онцлогт нийцүүлэн авч хэрэгжүүлж, төр иргэнийхээ хооронд гүүр нь байх үндсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэн ажиллаж байна.

              Одоогоор  ИТХ нь Хурлын дарга Ш.Отгонбаяр, Нарийн бичгийн дарга Т.Уранбилэг, Хурлын ажилтан Б.Пүрэвдорж гэсэн байнгын 3 хүний, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгч гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.


ИТХ-ЫН АЖЛЫН АМЖИЛТ

              ИТХ нь хийж хэрэгжүүлсэн ажлын үзүүлэлтээрээ аймагтаа 2001 онд III байр, 2002 онд II байр, 2013 онд ТЭРГҮҮН байрыг тус тус эзлэн жил жилээс амжилтын буухиагаа үргэлжлүүлэн ажиллаж байна.