Үенч сумын оюутан залуучуудын анхдугаар чуулган болж өндөрлөв

             Энэ сарын 17-19 өдрүүдэд ҮЕНЧ СУМЫН ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН АНХДУГААР ЧУУЛГАН хуралдаж, холбооныхоо бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орууллаа.  Чуулганд Ховд аймгийн “Залуучуудын холбоо”-ны тэргүүн Б.Цоожхүү тэргүүтэй  төлөөлөгчид, Засаг дарга Э.Уртнасан, ИТХ-ын дарга Ш.Отгонбаяр нар урилгаар оролцож, оюутан залуусынхаа санал санаачлагыг дэмжин ажиллахаар зөвлөлдлөө.

             Уг уулзалт нь оюутан залуусын Зөвлөлдөх Бага Хурал, Үндэсний бөхийн барилдаан, Гар бөмбөгийн тэмцээн, урлагийн “Дэвжээ” наадам гэсэн 4 үндсэн төрлөөр амжилттай зохион байгуулагдаж, нутгийн зон олноо 3 өдрийн туршид баясгалаа.

Волейболын тэмцээнд улсын томоохон клубүүдэд тоглодог шилдэг тамирчид ирж тоглолоо.  Тухайлбал Хасумегастарс клубын тамирчин спортын дэд мастер А.Мөнх-Эрдэнэ, Уурхайчин клубын тамирчин спортын дэд мастер О.Энхбаяр, Буянт-Ухаа клубын тамирчин Н.Жавхлантөгс, Тэнүүн-Огоо клубын тамирчин З.Амаржаргал зэрэг спортын мастер, дэд мастер цолтой тамирчид ирж тоглон  тэмцээний чансааг өндөрсгөлөө.

             Волейболын тэмцээнд тэргүүн байрыг А.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Үенч сумын оюутнуудын шигшээ баг, Дэд байранд О.Энхбаяр ахлагчтай Ховд аймгийн залуучуудын баг, Гутгаар байранд П.Бат-Амгалан ахлагчтай Булган сумын оюутнуудын баг тус тус шалгарлаа.