"Уран уншлага"-ын тэмцээн амжилттай зохиогдож өндөрлөлөө

          Үенч сум 2014 оныг “ИРГЭДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЖИЛ”  болгон зарласантай  холбогдуулан  “Олон Улсын Эмэгтэйчүүдийн баяр”-ыг угтан нийт ард иргэд, сурагчдыг хамруулсан  “УРАН УНШЛАГА”-ын тэмцээнийг амжилттай зохион явууллаа. Тэмцээнд сургуулийн сурагчид, багш нар, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ахмадууд гээд бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцон 30 гаруй уран уншигч уянгалаг сайхан дуу хоолой, уран тод үг хэллэг, утга уянгын хөг хосолсон үгэн түрлэгээрээ өрсөлдлөө.

         Тэмцээн 3 үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд бүх оролцогчид ээжийн  тухай шүлгийг утга уянгалуулан, уран яруугаар уншиж өрсөлдсөн бол,  2-р шатанд богино хэмжээний өгүүллэгийг урнаар унших, 3-р шатанд өөрийн ур ухаанаар урласан шүлгээ  унших байдлаар өрсөлдсөн болно.

         Ингээд 3 шат дамжин тэмцээний дүн гарахад 10Б ангийн сурагч Б.Батчимэг уран тод үг хэллэг, утга уянгын хөг хосолсон үгэн түрлэгээрээ бусдыгаа хошуучлан ТЭРГҮҮН байранд шалгарч, 11Г ангийн сурагч Д.Номин, 8Б ангийн сурагч Н.Номин нар удааллаа.