“Үенчийн хөгжил” сэдэвт уран илтгэлийн тэмцээн амжилттай зохиогдож өндөрлөлөө

             Үенч сум 2014 оныг "Иргэдийн боловсролыг дээшлүүлэх жил" болгон зарласантай холбогдуулан ард иргэдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх, санал санаачилгыг дэмжих зорилгоор “Үенчийн хөгжил” сэдэвт өндөр шагналын сан бүхий уран илтгэлийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

            Тэмцээн 02-р сарын 28-аас 3-р  сарын 10-ыг хүртэл 3 үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд нийт 180 гаруй илтгэл ирүүлснээс ажлын хэсэг шилдэг 18 илтгэлийг шалгаруулж  2-р шатанд нийт төрийн албан хаагчдийн дунд хэлэлцүүллээ. 3-р шатанд 2-р шатнаас шалгарсан шилдэг 6-н илтгэгч дэвшүүлсэн санал санаачилгаа нийт ард иргэдийн өмнө танилцууллаа.

            Ингээд 3-н шат дамжин тэмцээний дүн гарахад ахмад настан Ядмаа бусдыгаа хошуучлан ТЭРГҮҮН байранд шалгарсан бол сургуулийн захирал О.Энхболд, Физикийн багш Б.Энхцогт нар удааллаа. Дашрамд дурдахад уг тэмцээний шагналын сан нэлээд өндөр бөгөөд ТЭРГҮҮН байр 300,000 төгрөг сумын шилдэг илтгэгч, хүндэт өргөмжлөл, ДЭД байр 150,000 төгрөг, хүндэт өргөмжлөл, ГУТГААР байр 100,000 төгрөг, хүндэт өргөмжлөл гэсэн шагналын сантай.